Хүний нөөцийн бодлого
Зорилго: Байгууллагын эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхтай хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулахад оршино.
- Ажлын байрны хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, бүтээлч, сурч, хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх
Хүрэх үр дүн: Ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг хангахуйц мэдлэг, ур чадвар, бүхий хүний нөөцийг зохих албан тушаалд тухайн цаг үед нь зөв байршуулан хөгжүүлж, идэвхжүүүлснээр мэдлэг, чадвар, идэвх санаачлага бүхий хүний нөөц бүрдэнэ.
- Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт, хөгжлийн бодлого хэрэгжүүлж, суралцагч байгууллага болох
Хүрэх үр дүн: Хувь хүний мэдлэг, чадвар, туршлагыг байгууллагын мэдлэг, чадвар, туршлага болгон хөгжүүлснээр суралцагч байгууллага болон хөгжинө. Хүний нөөцийг тогтмол хөгжүүлснээр байгууллагад өрсөлдөхүйц давуу тал бий болж, тэр хэмжээгээр баялаг бүтээх боломж нэмэгдэнэ.
- Ажилтны нийгмийн баталгаа, ажил амьдралын тэнцвэрийг хангах, ажлын байрны орчинг сайжруулах.
Хүрэх үр дүн: Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангагдсанаар ажиллагчдын сэтгэл санаа өөдрөг, ажилдаа сэтгэл ханамжтай, итгэлтэй болж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, ажлын бүтээмж дээшилнэ.
- Гүйцэтгэлийн зөв шудрага үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх
Хүрэх үр дүн: Ажлын гүйцэтгэлийг оновчтой хэрэгжүүлснээр удирдлага ажиллагчдынхаа ажлын гүйцэтгэлийн талаар бодитой мэдээлэлтэй болж, улмаар ололт амжилтыг хөхүүлэн дэмжиж, шагнаж урамшуулах, алдаа дутагдлыг олж илрүүлэн шалтгааныг тодорхойлж, арилгах арга хэмжээ авах боломж бүрдэнэ.
- Хүний нөөцийн дотоод эх үүсвэрээс карьерын төлөвлөлт хийх, талент менежмент, гол ажилтныг тогтоон барих, залгамж халааны хөтөлбөр хэрэгжүүлэх
Хүрэх үр дүн: Байгууллагын өндөр ур чадвар бүхий ажилтны тоо нэмэгдсэнээр хүний нөөцийн тогтвор суурьшил болон хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, залгамж халаа болон карьер төлөвлөлтийн хөтөлбөрөөр албан тушаалын эзэнгүйдэл арилж, байнгын нөөцтэй байх, ажилтны ажиллах идэвх нэмэгдэнэ.
- Байгууллагын соёлыг бүрдүүлэх, эерэг уур амьсгалыг төлөвшүүлэх
Хүрэх үр дүн: Эрч хүчтэй багийн ажиллагааг эрхэмлэсэн, нэгэн зорилго чиглэлд чиглэсэн бүтээлч хандлагатай хамт олон бий болно.